Нийгмийн хамгаалал

Монголын тэтгэврийн тогтолцоонд тулгамдаж буй асуудлуудыг өнөөгийн тогтолцоогоо шинэчлэн сайжруулах замаар шийдвэрлэх нь зохистой

Дэлхийн олон орны нэгэн адил Монгол улс тэтгэврийн тогтолцоогоо шинэчлэх томоохон сорилттой тулгарч байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Нуно Кунья одоогийн тэтгэврийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх бус харин шинэчлэн сайжруулах зарчим баримтлахын давуу талыг тайлбарлаж байна.

Comment | Ulaanbaatar, Mongolia | 15 September 2022
© ILO
Тэтгэврийн шинэчлэл бол амар хялбар хэрэгждэг зүйл биш. Өнөөдрийн гаргасан буруу шийдвэр ойрын ирээдүйд төдийгүй алс хэтдээ ч арилахааргүй сөрөг үр дагавар дагуулж болзошгүй.

Миний бие саяхан Монгол улсад ажиллаад ирлээ. Энэ хугацаанд олон байгууллага, хүмүүстэй тэтгэврийн шинэчлэлийн талаар нээлттэй, илэн далангүй ярилцах боломж гарсанд талархаж байна. Олон ч асуудлыг хөндөж, их ч зүйлийг мэдэж авсан эдгээр ярилцлагын явцад ихээхэн буруу ташаа ойлголтод үндэслэсэн зарим нэг зүйл байгаа нь анхаарал татлаа.

Хамгийн эхний асуудал бол нэрийн данс.

Бүрэн хуримтлал бүхий нэрийн дансны тогтолцооны хувьд тухайн хүний төлсөн нийт шимтгэл, тэрхүү шимтгэлийн хуримтлалыг ямар нэг хөрөнгө оруулалт хийх замаар өсгөсөн дүн(хөрөнгө оруулалтын өгөөж)-д үндэслээд тэтгэврийг нь тогтоодог.

Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Нуно Кунья. © ILO
Бидний ярилцлагын үеэр зарим хүн Монгол улсад тэтгэврийн нэрийн дансны тогтолцоог “бодитой” хэрэгжүүлэх хэрэгцээ байгааг дурдсан мөртлөө Засгийн газраас тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байх шаардлагатай гэж үзэж байна.

Гэтэл бүрэн хуримтлалын зарчмаар санхүүждэг нэрийн дансны тогтолцоонд Засгийн газраас тэтгэврийн хэмжээг тогтоох боломжгүй гэдгийг маш сайн ойлгох шаардлагатай юм. Ийм хуримтлалын тогтолцоонд хүн ямар хэмжээний тэтгэвэр авах нь түүний өөрийнх нь төлсөн шимтгэлийн хэмжээнээс л хамаардаг. Харин хамтын санхүүжилттэй тогтолцоонд л тэтгэврийн хэмжээг тогтооход Засгийн газар оролцох боломжтой.

Тиймээс Засгийн газар тэтгэврийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх асуудлыг шийддэг байх нь зүйтэй гэж үзэж байгаа бол бүрэн хуримтлал бүхий нэрийн дансны тогтолцоо тохиромжгүй. Мөн нэрийн дансны тогтолцоонд шилжиж буй монгол ажилтнуудын хувьд авах тэтгэврийн хэмжээ өнөөгийнхтэй харьцуулахад өсөх биш, харин буурна гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Бага цалинтай ажиллагчдын тоо их байгаа нөхцөлд тэтгэврийн доод хэмжээг тогтоох болон бусад аргаар орлогыг дахин хуваарилж, амьжиргаа хангахуйц хэмжээний тэтгэвэр олгохыг зорьдгоороо өнөөгийн тогтолцоо онцлогтой юм. Бага цалинтай ажиллагч зөвхөн өөрийнхөө төлсөн шимтгэлд үндэслэн бодсон тэтгэвэр авдаг болно гэвэл одоогийн тогтолцооны дагуу авах байсан тэтгэвэртэй харьцуулахад хэмжээ нь үлэмж буурна.

Түүнчлэн санхүүгийн зах зээл тогтворгүй, өндөр хэлбэлзэлтэй байгаа үед бүрэн хуримтлал бүхий нэрийн дансны тогтолцоо руу шилжих нь ажиллагчид, даатгуулагчдад маш их эрсдэлийг шилжүүлж байгаа юм. Хөдөлмөрийн зах зээл дээр бага цалинтай, ажлын байр нь тогтворгүй, баталгаагүй ажиллагчид зонхилж буй улс орнууд, түүний дотор Монгол улсын хувьд Сингапур улсынх шиг хуримтлалын нэрийн дансны тогтолцоонд шилжвэл ирээдүйд олон ахмад настны орлогын баталгаа алдагдахад хүрэх өндөр магадлалтай.

Хуримтлалын нэрийн дансны тогтолцоонд шилжих нь улсын тэтгэврийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад засгийн газарт тус дөхөм болно гэж үзэх нь олонтаа. Монгол улсын хувьд ийм боломж ойрын болон дунд хугацаанд бүрдэхгүй. Бүрэн хуримтлалын шинэ тогтолцоо хэрэгжиж эхэлмэгц даатгуулагчдын шинээр төлөх бүх шимтгэл тус бүрийнх нь нэрийн дансанд л орж түгжигдэнэ. Тэр цагаас шимтгэлийн хөрөнгийг одоо тэтгэвэр авагчдын тэтгэврийг санхүүжүүлэхэд зарцуулах боломжгүй болно. Үүнээс ямар үр дагавар гарах вэ? Төсвөөс шууд хариуцах тэтгэврийн зарлага үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ.

Хэдийгээр аюулын харанга дэлдэх хэмжээнд хараахан хүрээгүй ч Монгол улсын тэтгэврийн одоогийн тогтолцоог шинэчлэн сайжруулах шаардлага тулгарч байна. Шинэчлэлийг алгуурлах тусам хэрэгжүүлэхэд тэр хэрээр хүндрэлтэй байх болно. Бусад олон улс орны нэгэн адил Монгол улсын хүн ам ч насжиж байна. Тийм учраас тэтгэвэрт гарах насыг нэмэх зэрэг олон нийт таашаахгүй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Ийм шийдвэр зарим ажиллагчдын хувьд илүү хүнд тусаж магадгүй ч гэсэн эрт, орой хэзээ нэгэн цагт тэтгэврийн насыг нэмэхээс аргагүй. Ажиллагчдын тодорхой бүлгүүд, тухайлбал уурхайчдын хувьд арай эрт тэтгэвэрт гарах зохицуулалтыг тусад нь хийж болох юм. Гэхдээ тэтгэвэрт гарах журмыг өөр өөр хуулиар зохицуулж, сонголт хийх боломж олгодог явдлыг бүрэн зогсоох нь чухал. Ийм тохиолдолд бүгдээрээ аль болох эрт тэтгэвэрт гарах боломжтой зохицуулалтыг сонгох эрсдэл үүсэж, улмаар тэтгэврийн тогтолцооны тогтвортой байдлыг бэхжүүлэх биш алдагдуулна.

Бидний ярилцах ёстой өөр нэг асуудал бол тэтгэврийн хүрэлцээ муу, хэмжээ бага байгааг хувийн тэтгэврийн сангуудаар дамжуулан шийдвэрлэх боломжтой гэсэн хүлээлт юм. Өмнө нь өнөөгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг хувийн тэтгэврийн санд татан төвлөрүүлэх санал гарч байсныг сонслоо. Гэтэл одоо даатгуулагчдын тэтгэврийн даатгалын санд төлж буй шимтгэл бүхэлдээ өнөөдрийн тэтгэвэр авагчдын тэтгэвэрт зарцуулагдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд ч тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгө хүрэлцэхгүй байгаа тул Засгийн газраас татаас өгч байгаа. Ийм нөхцөлд шимтгэлийн тодорхой хувийг хувийн тэтгэврийн санд шилжүүлбэл Засгийн газар татаасаа нэмэх, тэтгэврийн хэмжээг бууруулах, эсвэл тэтгэвэрт гарах насыг огцом нэмэгдүүлэх арга хэмжээнүүдээс сонгохоос өөр аргагүйд хүрнэ.

Тэтгэврийг хувийн хэвшилд шилжүүлснээр тэтгэврийн хэмжээ нэмэгддэггүйг Чили зэрэг бусад улс орны туршлага харуулж байна. Ийм шинэчлэл нь өндөр цалин, орлоготой байсан хүмүүст л ихэвчлэн ашигтай тусдаг. Түүнчлэн татварын урамшуулалд хамруулах зэрэг арга хэмжээ ч эцсийн дүндээ тусламж, дэмжлэг хамгийн бага шаардагддаг хэсэгт шууд бус татаас хэлбэрээр оччихдог талтай.

Эцэст нь тэтгэврийг тэтгэврээр нь л үлдээх хэрэгтэй гэдгийг зөвлөе. Засгийн газар тэтгэврийн сангийн хөрөнгийг өөр зүйлд зарцуулахаас эрс татгалзах хэрэгтэй. Уг сангаас зээл олгох, эсвэл орон сууцны дэмжлэг үзүүлэх нь олон нийтийн таашаалд нийцэж, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болж болно. Гэсэн хэдий ч эдгээр нь тэтгэврийн тогтолцоо ахмад настны орлогын баталгааг хангах үндсэн зорилгоо хэрэгжүүлэх чадавхад нь сөргөөр нөлөөлөх бодит эрсдэлийг дагуулж байдаг.

Бусад улс орнуудын нэгэн адил Монгол улс ч тэтгэврийн тогтолцоогоо шинэчлэх шаардлагатай байна. Удах тусам шинэчлэл хийхэд улам төвөгтэй байдал үүснэ. Үүнд Монгол улсын иргэн бүр өндөр насанд хүрээд хүртэх ёстой дэмжлэгээ хүртэж, орлогын баталгаатай байх нөхцөлийг бүрдүүлсэн зөв шийдвэр гаргах нь хамгийн чухал юм.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ОУХБ-ын ulaanbaatar@ilo.org хаягаар холбогдоно уу.