Тоглоомын дүрэм: Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ

Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ: Дэлхийн эдийн засгийн Тоглоомын дүрэм хэмээх энэхүү гарын авлага нь ОУХБ-ын хамтран ажилладаг уламжлалт түнш байгууллага болон олон нийт, мэргэжлийн бус хүмүүст зориулан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, зөвлөмж, түүний хэрэгжилтийг хянах механизмын зорилго агуулгыг ойлгуулах, тэдгээр нь дэлхийн эдийн засагт ямархуу чухал нөлөөтэй болохыг танин мэдэхэд туслах зорилготой.

Энэхүү гарын авлагыг 2005 онд анх удаа, 2009 онд хянан засварлаж хоёр дахь удаагаа хэвлэсэн ба сүүлийн үед батлагдсан зарим шинэ конвенц, зөвлөмж, тухайлбал, 2010 оны Ажлын байран дахь ХДХВ/ДОХ-ын зөвлөмж, Гэрийн үйлчилгээний ажилтны тухай 2011 оны конвенц, Нийгмийн хамгааллын суурь түвшний тухай 2012 оны зөвлөмж, Албадан хөдөлмөрийн орчин үеийн бүхий л хэлбэрүүдийг устгах тухай 2014 оны протокол, зөвлөмжтэй холбоотойгоор энэхүү гарын авлагыг дахин шинэчлэх шаардлагатай боллоо.

Түүнчлэн Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенц хүчин төгөлдөр болсон, өнөөдөр дэлхий дахинаа тулгарч буй хөдөлмөр эрхлэлтийн хямралыг даван туулахад олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний үүрэг оролцоо чухал болохыг тус тус харгалзан үзлээ. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 95 жилийн ойтой давхцан хэвлэгдэж буй энэхүү гарын авлага нь дэлхийн олон улс орнуудад олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэгжүүлэх, түгээхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.